Шуурхай мэдээ
Home / Мэдээ мэдээлэл / Коронавируст халдварын үед Мал эмнэлгийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх түр заавар

Коронавируст халдварын үед Мал эмнэлгийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх түр заавар

1.4. Вирусын тэсвэрт чанар: Лабораторийн нөхцөлд Коронавируст халдвар/ковид-19/-ын үүсгэгч нь хүрээлэн буй орчинд цацагдсаны дараа дор хаяж 180 минутын турш халдвар

дамжуулах идэвхтэй хэвээр байдаг. Энэ нь SARS-CoV, MERS-CoV эсвэл хүний эндемик коронавирус зэрэг бусад өвчлөлийн үеийн туршлагаас ажиглагдсан.

Эдгээр үүсгэгчид нь металл, шил, хуванцар гэх мэтийн гадаргуу дээр 9 хүртэл хоног хадгалагдах боловч гадаргууг ариутгаж, халдваргүйжүүлэх замаар хялбархан идэвхгүйжүүлдэг.

Коронавирусын үүсгэгч нь +4 хэмд 14 хоног идэвхээ хадгалдаг бол + 20 хэмтэй бохир усанд 2 хоног идэвхээ хадгалдаг байна.

Хүйтэн буюу тэгээс доош хэмд идэвхээ хэрхэн хадгалах талаар нарийвчилсан мэдээлэл одоохондоо үгүй байна.  

1.5. Халдвар дамжих зам, тархвар зүйн зарим онцлог: Одоогоор COVID-19 нь амьтнаас гарал үүсэлтэйг нотлоод байгаа боловч дамжсан замыг тогтоож чадаагүй байна. Цар тахал нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлаж байна. Генетикийн судалгаагаар COVID-19 Ринолофус сарьсан багваахайн популяцид эргэлддэг бусад коронавирустай генетикийн хувьд маш ойролцоо болохыг тогтоосон. Өнөөдрийг хүртэл COVID-19-ийн эх үүсвэрийг тодорхойлох, эсвэл хүнд халдварласан анхны замыг тайлбарласан шинжлэх ухааны нотолгоо хангалтгүй байна (үүнд завсрын дамжуулагч хамрагдаж болзошгүй). Байгалийн болон туршилтаар халдварлуулсан амьтдын төрөл зүйлийн жагсаалтыг Хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. Гэрийн тэжээвэр амьтдад халдвар илрүүлсэн тойм мэдээлэл: 
Мал, амьтны төрөлХалдварын хэлбэрМэдрэмтгий байдал /өндөр, сул, үгүй/Эмнэлзүйн шинж тэмдэгХалдвар дамжих 
ГахайЗориудын халдварҮгүйИлрэхгүйДамжуулахгүй
Тэжээвэр шувуу (тахиа, нугас ба цацагт хяруул)Зориудын халдварҮгүйИлрэхгүйДамжуулахгүй
НохойБайгалийн болон зориуудын халдварСулИлрэхгүй (зарим тохиолдолд илэрнэ)Дамжуулахгүй
Муур (тэжээвэр)Байгалийн болон зориуудын халдварӨндөрИлэрнэ (зарим тохиолдолд тод илэрнэ)Дамжуулна, муур хооронд
Бар болон арсланБайгалийн халдварӨндөрИлэрнэДамжуулна, амьтад хооронд
Өмхий хүрэнЗориудын халдварӨндөрИлрэхгүй (зарим тохиолдолд маш сул)Дамжуулна, өмхий хүрэн хооронд
Булга (Америк булга)Зориудын халдварӨндөрИлэрнэДамжуулна, булга хооронд болон булганаас хүнд халдварлах магадлалтай
Египетийн жимсний сарьсан багваахай (Rousettus aegyptiacus)Зориудын халдварӨндөрИлрэхгүйДамжуулна, жимсний багваахай хооронд
Сирийн алтлаг шиншүүхэйЗориудын халдварӨндөрИлэрнэ (зарим тохиолдолд тод илэрнэ)Дамжуулна, шиншүүхэй хооронд
Нохой сармагчин (Macaca fascicularis ба Macaca mulatta)Зориудын халдварӨндөрИлэрнэДамжуулна
 

1.6. Халдваргүйтгэл:

Халдваргүйтгэлд дараах бодисуудыг ашиглах нь үр дүнтэй байна. Үүнд:

  • 62-71%-ийн этилийн спирт;
  • 0.5%-ийн устөрөгчийн хэт исэл;
  • 0.1%-ийн гипохлорт натрийн уусмал (белизна гэх мэт тухайн нэгдлийг агуулсан бэлдмэл)-д 1 минутын дотор идэвхгүйжнэ.

Бохирлогдсон эд зүйл, сэжигтэй мал, амьтантай харьцсаны дараа гараа сайтар савандаж угаах нь хүнд халдвар дамжихаас сэргийлэх хамгийн энгийн, үр дүнтэй арга юм.

1.7. Эмнэлзүйн ерөнхий шинж тэмдэг: Лабораторийн нөхцөлд халдварлуулсан амьтдад халдварын нууц үе нь хүнд илэрдэгтэй адил төстэй байсан. (өөрөөр хэлбэл 2-14 хоногийн хооронд, дунджаар 5 хоног үргэлжилдэг).

Халдвартай амьтдын ялгадаснаас Коронавируст халдвар/ковид-19/-ын үүсгэгчийг илрүүлэх боломжтой боловч амьсгалаар гадагшилж байгаа тул агаар дусал гол үүрэгтэй.

Лабораторийн нөхцөлд халдвар авсан амьтдын амьсгалын замаас вирусыг илрүүлсэн бөгөөд зарим тохиолдолд гуурсан хоолой, уушгинд хүндрэл илрэх, ханиалгатай холбоотой гэмтэл үүсч байгааг тогтоосон.

Мөн Коронавирус /ковид-19/ нь тэжээвэр амьтад болон зоопаркийн махчин амьтдад илэрсэн талаар мэдээлэгдсэн байна. Үйлдвэрлэлийн зорилгоор үржүүлдэг амьтдын хувьд одоогоор Нидерландын усны булга өвчилсөн бөгөөд өвчлөл өндөр, үхэл багатай байв.

Тэжээвэр малд энэ өвчний шинж тэмдэг хэрхэн илрэх талаар мэдээлэл байхгүй бөгөөд нарийвчилсан судалгаанууд хийгдэж байна.

Хоёр. Тэмцэх арга хэмжээ

Коронавирус (ковид-19)-ийн халдвар, эмнэлзүйн шинж тэмдэгийн илрэл, амьтдын мэдрэмтгий байдлын талаар өнөөг хүртэл бүрэн судлагдаагүй байна (Хүснэгт 1-ийг үзнэ үү).

2.1. Оношилгоо: Коронавируст халдвар/ковид-19/-ыг тархвар зүйн байдал, эмнэлзүйн шинж тэмдгийн илрэл, лабораторийн шинжилгээний дүнд тулгуурлан оношилно.

2.1.1.   Өвчний  тархварзүйн байдалд үнэлэлт өгөхөөр дараах мэдээллийг тодруулна. Үүнд:

а) тухайн өрх, аж ахуй, малчны хотонд коронавируст халдвар/ковид-19/-ын эмнэлзүйн шинж тэмдэг хүнд илэрсэн эсэх;

б) эрүүл мэндийн байгууллагаас хүнд өвчлөл илэрснийг баталгаажуулсан эсэх

в)  тухайн өрх, аж ахуй, малчны хотонд мал, амьтанд коронавируст халдвар/ковид-19/-ын эмнэлзүйн шинж тэмдэг хүнд илэрсэн эсэх;

г) тухайн өрх, аж ахуй, малчны хотноос коронавируст халдвар/ковид-19/-ын сэжигтэй болон өвчлөл гарсан нь батлагдсан бүс нутаг, улс орноор сүүлийн 14 хоногийн дотор шилжилт хөдөлгөөн хийсэн эсэх;

д) тухайн өрх, аж ахуй, малчны хотонд сүүлийн 14 хоногт өөр өрх, аж ахуй, малчны хотноос хүн зочилсон эсэх;

е)  тэжээвэр амьтан нь гадуур чөлөөтэй сэлгүүцдэг эсэх; 

ё)  тухайн аж ахуй, малчны хот, өрхийн гишүүн нь сүүлийн 14 хоногийн хугацаанд олон нийтийн газраар явсан эсэх зэргийг магадлан тэмдэглэл хөтөлнө.

     2.1.2. Эмнэлзүй, эмгэг судлалын оношилгоо. Амьтдын эмнэл зүйн шинж тэмдэгийн илрэл бүрэн тогтоогдоогүй. Эмнэлзүйн шинж тэмдгүүд нь ханиалгах, найтаах, амьсгалын замын хямрал, хамраас шингэн гоожих, нулимс гоожих, бөөлжих, чацга алдах, халуурах, номойрох зэрэг шинж тэмдгүүд амьтдад ажиглагдсан. Мөн шинж тэмдэггүйгээр өвчлөх тохиолдол ч байна.

Коронавирус (ковид-19)-ын үүсгэгчийг хулганад халдварлуулахад гуурсан хоолой ба цусны судасны эргэн тойронд эсийн нэвчдэс бүхий уушгины хэлтэр хоорондын хатгалгаа үүсгэсэн бөгөөд гуурсан хоолойн эпителийн эсүүд ба цулцангийн эпителийн эсүүдээс вирусын эсрэгтөрөгчийг илрүүлсэн. Эдгээр шинж тэмдэг нь зэрлэг хулгана (харх)-д илрээгүй.

Сирийн алтлаг шиншүүхэйд амьсгалын зам, дэлүүнд эмгэг өөрчлөлт илэрсэн. Халдварлуулсан нохой сармагчинд хүнд илэрсэнтэй адил шинж тэмдэг илэрсэн бол халдварлуулсан муурын зулзаганд хамар, гуурсан хоолойн салст бүрхэвч, уушгинд их хэмжээний гэмтэл ажиглагдсан.

2.1.3. Лабораторийн оношилгоонд сорьц авах, савлах, тээвэрлэх. Лабораторийн шинжилгээний төрлөөс хамаарч сорьцод залгиур, хамар, шулуун гэдэсний арчдас болон цус, ийлдэс авна. Мал, амьтны ялгадасны сорьцыг зэрлэг амьтан эсвэл сорьц бэлтгэх ажилтанд эрсдэл бүхий байдлаас шалтгаалан авч болох ба шууд сорьц авах боломжгүй нөхцөлд мөн ашиглаж болно. Бэлтгэсэн сорьцыг биоаюул тархахаас найдвартай хамгаалан (3 давхар савлагааны зарчмаар) лабораторид хүргэнэ. Сорьц бэлтгэх болон тээвэрлэх эзнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэсэгт зааж өгсөн.

2.1.4. Лабораторийн оношилгоо: Лабораторийн шинжилгээний сорьцын анхан шатны боловсруулалтыг биоаюлгүйн III зэрэглэлийн лаборатори эсвэл биоаюулгүйн III зэрэглэлийн кабинетэд гүйцэтгэнэ. Вирус болон вирусын генийн хэсгүүдийг илрүүлэх зорилгоор

а)  Эсрэгтөрөгч илрүүлэх түргэн оношлуур;

б) Буцаан хувиргах полимеразын гинжин урвал (RT-PCR);

в) Хялбаршуулсан буцаан хувиргах полимеразын гинжин урвал (RT-LAMP);

г) Бодит хугацааны полимеразийн гинжин урвал;

д) Вирус өсгөвөрлөх;

е) Вирусын генийн дараалал тогтоох зэрэг аргуудыг ашиглах боломжтой ба Манай улсад одоогоор бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бодит хугацааны-ПГУ)-ын аргыг ашиглан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид оношилгоог гүйцэтгэж байна.

2.1.5. Лавлагаа лабораторид онош баталгаажуулах: Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын өвчний жагсаалтад албан ёсоор бүртгэгдээгүй учир лавлагаа лабораторийн эрх олгогдоогүй байна.

2.2. Ялгаварлан оношлох: Коронавирус (ковид-19)-ийн халдварын урьдчилсан онош тогтоохдоо эхний ээлжинд амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтний өвчлөлөөс үүдэлтэй шалтгаануудыг авч үзэн ялгах шаардлагатай.

Ялгаварлан оношлохдоо хүн эсвэл бусад амьтнаас халдвар авсан, тараасан нь батлагдсан тархварзүйн холбоог онцгойлон анхаарч үзнэ. Энэ тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас нарийвчилсан мэдээллийг авна.

2.3. Коронавируст халдвар (ковид-19)-ын үед ажиллагсдын мэдлэг, туршлагын бэлэн байдлыг хангах: Улсын онцгой комисс, бүх шатны эрүүл мэндийн байгууллага, Засаг захиргааны нэгжийн удирдлага, онцгой комиссоос гаргасан шийдвэр, журам, дүрмийг баримтлан ажиллана. Мал эмнэлгийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмж, чиглэл, мэдээлэлтэй сайтар танилцаж, малчид иргэдэд ухуулга, танилцуулга хийж ажиллана.

2.4. Эмчилгээ: Коронавирус (ковид-19)-ийн халдварын үед мал, амьтанд тусгайлсан эмчилгээ боловсрогдоогүй байна. Зөвхөн дархлаа дэмжих болон шинж тэмдэгийн эмчилгээ хйиж, тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.5. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ:

2.5.1. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг Коронавируст халдвар (ковид-19)-ын үед мал, амьтанд илрэх шинж тэмдэг, халдвар дамжих зам, биохамгааллын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, малчид, мал өмчлөгчдөд түгээх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана;

2.5.2. Коронавируст халдвар (ковид-19)-ын сэжиг мал, амьтанд илэрсэн болон  шаардлагатай тохиолдолд ажиллах шуурхай багийг бүрдүүлэн бэлэн байдлыг хангасан байна.

2.5.3. Тэжээвэр амьтан тусгаарлах, эмчлэх мал эмнэлгийн байгууллагыг сонгоход аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрыг удирдлага, аргазүйгээр хангана;

2.5.4. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллиийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дах заалтын дагуу эрүүл мэндийн байгууллагаас холбогдох мэдээллийг авч аймаг, нийслэлийн МЭГ-ыг мэдээллээр хангана. Мал эмнэлгийн салбарын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллах чиглэлийг гаргаж салбарын хэмжээнд хэрэгжүүлнэ;

2.5.5. Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад заасны ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг хангах болон холбогдох зардлыг шийдвэрлүүлэх асуудлыг хариуцна;

2.5.6. Халдварын эрсдэлийг бууруулах болон бусад чиглэлээр дайчлагдан ажиллаж байгаа эмч, мэргэжилтний томилолт, бусад нэмэлт зардлыг Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.16 дах заалтад заасны дагуу асуудлыг шийдвэрлэж ажиллана;

2.5.7. Салбарын хэмжээнд болон тусгайлсан бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд зайлшгүй хэрэгжүүлэх асуудлын саналыг Улсын онцгой комисст хүргүүлж шийдвэрлүүлнэ.

2.5.8. Мал, амьтан тусгаарлах, эмчлэхээр сонгогдсон мал эмнэлэг нь зөвхөн Коронавируст халдвар /ковид19/-ын сэжигтэй болон халдвартай нь тогтоогдсон мал, амьтан тусгаарлаж байгаа тохиолдолд мал, амьтны үйл ажиллагааны зардлыг тухайн мал, амьтны эзэн, аж ахуйн нэгж хариуцах бөгөөд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч байгааг магадлан, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах холбогдох саналыг бэлтгэн  “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллиийг бууруулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалтын дагуу Улсын онцгой комисст танилцуулж шийдвэрлүүлнэ;

2.5.9.  Коронавируст халдвар (ковид-19)-ын үед бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд хорио цээр, хязгаарлалт тогтоох өвчний тохиолдол гарч Мал эмнэлгийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлага гарахад мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас холбогдох саналыг бэлтгэн Улсын онцгой комисст хүргүүлж шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.  

2.6. Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.6.1. Харьяалах аймаг, нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (ковид-19)-ын сэжиг бүхий тохиолдлын үед шаардлагатай тохиолдолд ажиллах шуурхай багийг бүрдүүлэн бэлэн байдлыг хангасан байна;

2.6.2. Тэжээвэр амьтан тусгаарлах, эмчлэх мал эмнэлгийн байгууллагыг энэ түр зааврын 2.11.1-д заасан шалгуурын дагуу сонгож мал, амьтны эрүүл мэндийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн шаардлагатай тохиолдолд тэжээвэр амьтан тусгаарлан ажиллах эрхийг олгож, гэрээ байгуулан ажиллана;

2.6.3. МЭТ-аас Коронавируст халдвар (ковид-19)-ын сэжиг бүхий мэдээлэл хүлээн авсан даруйд мал, амьтны эрүүл мэндийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага, Ерөнхий малын эмчид утсаар мэдээллийг 2 цагийн дотор хүргэж, зааварчилгаа авна;

2.6.4. Коронавируст халдвар (ковид-19)-ын сэжигтэй болон эрсдэл бүхий сум, дүүргийн нутагт эзэнгүй золбин нохой олноор байгаа тохиолдолд мал эмнэлгийн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, золбин нохой, муур устгах тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга, онцгой комисст танилцуулна;

2.6.5.  Тэжээвэр амьтан тусгаарлах, эмчлэхээр сонгогдсон мал эмнэлгийн байгууллага нь амьтан устгасан тохиолдолд хүүр, сэг, зэмийг хүлээн авч улсын байцаагчийн хяналт дор булшлах, устгах арга хэмжээг хэрэгжүүлнэ;

2.6.6. МЭЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу МЭТ-ийг удирдлага, аргазүйгээр хангаж ажиллана.

2.7. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.7.1.Коронавирус(ковид-19)-ийн халдвараар харьяалах сум, дүүрэг, баг, хорооны малчин, мал, амьтан бүхий иргэн өвчилсөн талаарх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авсан даруйд аймаг, нйислэлийн МЭГ-т утсаар мэдээллийг 2 цагийн дотор хүргэж, зааварчилгаа авна;

2.7.2. Коронавируст халдвар (ковид-19)-ын сэжигтэй тохиолдлын дуудлага хүлээн авсан даруйд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон тусгаарлалт, эмчилгээ хэрэгжүүлэхээр сонгогдсон мал эмнэлгийн итгэмжлэл бүхий малын эмчийг зохих бэлтгэлийг хангуулсны дараа томилон явуулж түүнтэй байнгын холбоотой байх нөхцөлийг бүрдүүлэн цаг тухайд нь бодит мэдээлэл, шинжилгээний сорьц авч хэрэгцээтэй мэдээ, заавраар хангаж шуурхай ажиллана;

2.7.3. Коронавируст халдвар (ковид-19)-ын сэжигтэй мал, амьтнаас авахуулсан эмгэгт сорьцыг аймаг, нийслэлийн МЭГ-т бие хүнээр шууд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулна;

2.7.4. Томилогдсон малын эмчийн ирүүлсэн өвчний тархвар зүйн судалгааны болон эмнэл зүйн илрэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж дүгнэлт, өвчний оношийн баталгаажилтаас хамаарч цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг сум, дүүргийн Засаг дарга, онцгой комиист танилцуулна;  

2.7.5. Коронавируст халдвар (ковид-19)-ын сэжиг бүхий малчны хот, фермийн ойр орчмын малчид, фермийн аж ахуйд сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэнэ;

2.7.6. Энэхүү зааврын 2.8.4-т зааснаар малчин тусгаарлагдсан тохиолдолд мал, амьтны эзэнтэй холбогдож орлох мал, амьтан маллагчийг тодруулан түүнтэй холбогдож тухайн малчны хотонд хүргэх асуудлыг сум, дүүргийн Засаг дарга, онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулна. Орлох малчин олдохгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга, онцгой комиссын шийдвэрээр орлох малчныг томилон ажлуулах асуудлыг шийдвэрлүүлнэ;  

2.7.7. МЭТ-ийн тархварзүйч нь сорьц солилцох цэгийг тогтоох, тусгаарласан хот, фермд ажиллаж байгаа МЭҮН-ийн болон томилогдон ажиллаж байгаа малын эмчийг удирдлага, аргазүйгээр хангах, мал эмнэлгийн улсын байцаагч нь үйл ажиллагааны хяналт тавих үүргийг гүйцэтгэж ажиллана.  

2.8. Сум, дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.8.1.Коронавирус(ковид-19)-ийн халдвараар харьяалах малчин, мал, амьтан бүхий иргэн өвчилсөн талаарх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авсан даруйд мал эмнэлгийн тасагт утсаар 2 цагийн дотор хүргэж, зааварчилгаа авна;  

2.8.2. Томилогдсон малын эмч нь коронавируст халдвар (ковид-19)-ын сэжиг илэрсэн хот айл, фермд очиж тархвар зүйн судалгаа, өвчний шинж тэмдэгтэй мал, амьтанд эмнэл зүйн нарийвчилсан үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд коронавирус(ковид-19)-ын эсрэгтөрөгч илрүүлэх түргэн оношлуур ашиглан анхны онош тогтоож мал эмнэлгийн тасагт утас эсхүл радио холбоогоор мэдээлнэ;  

2.8.3. Шаардлагатай тохиолдолд энэхүү зааврын 2.1.2-т заасан сорьцыг бэлтгэн харьяа сум, дүүргийн МЭТ-т хүлээлгэн өгнө. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тухайн хот айл, фермийн мал, амьтныг 21 хоногийн хугацаанд хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлж, ойр орчмын мал, амьтантай нийлүүлэхгүй байх арга хэмжээг зохион байгуулна. Ингэхдээ малыг бэлчээр, усаар өөр сүрэгтэй нийлүүлэхгүй байх, тэжээвэр амьтныг уях, чөлөөтэй явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, тэжээвэр амьтны эрүүл мэндийн байдалд өдөр бүр хяналт тавина;  

2.8.4. Мал, амьтны эзэн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр тусгаарлалтад хамрагдсан тохиолдолд МЭТ-т уламжилж орлох малчин, мал маллагчийг ирүүлэх, мал, амьтныг маллуулах асуудлыг шийдвэрлүүлнэ. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд орлох малчны болон өөрийн биеийн эрүүл мэндийн байдалд хэрхэн хяналт тавих талаар эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж чиглэлийг баримталж ажиллана.  

2.9. Малчин, мал, амьтан бүхий иргэн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

2.9.1. Тэжээвэр гадаа салхилуулахдаа уяатай байлгах бөгөөд хүн болон мал,  амьтнаас доод тал нь 2 метрийн зай барих;

2.9.2. Муурыг аль болох гэрээс гаргахгүй, гадуур сул чөлөөтэй  явахыг хориглох;

2.9.3. Олон тооны хүн цугларсан болон олон нийтийн газруудаар дагуулж явахгүй байх;

2.9.4. Маск нь таны тэжээвэр амьтанд хор хөнөөл учруулж болзошгүй тул амьтанд маск зүүлгэхгүй байх;

2.9.5. Тэжээвэр амьтдыг химийн ариутгагч бодис, спирт, устөрөгчийн хэт исэл болон бусад гар ариутгагч, нэг удаагийн ариутгагч алчуур, үйлдвэрийн болон гадаргуу цэвэрлэгч бодис зэргээр арчиж, угаахгүй байх;

2.9.6. Өөр айлын болон гаднаас амьтан маллагчийг авч ажиллуулахгүй байх;

2.9.7. Тэжээвэр амьтдын идүүр, тоглоом, хэвтэр, ялгадсыг цэвэрлэхдээ бээлий өмсөх. Бээлий болон хог хаягдлыг хогийн саванд хаяхаасаа өмнө битүүмжилсэн уутанд хийх. Гэрийн тэжээвэр амьтдыг цэвэрлэсний дараа гараа шууд савандаж угааж байх:

2.9.8. Коронавируст халдвар (ковид-19) авсан болон эрсдэлтэй нөхцөлд байгаа тэжээвэр амьтадтай холбогдолтой мэдээллийг харьяа сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллагад утсаар мэдэгдэж, зөвлөгөө авна.

2.10. Хэрэв та коронавируст халдвар (ковид-19)-ын сэжиг бүхий тохиолдлоор тусгаарлагдсан бол дараах зөвлөмжийг баримтална. Үүнд:

2.10.1. Коронавируст халдвар (ковид-19)авсан нь тогтоогдсон тохиолдолд тэжээвэр амьтад болон бусад амьтадтай ойр байхаас зайлсхийх;

2.10.2. Тэжээвэр амьтнаа мал эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч 21 хоног тусгаарлан, асруулах;

2.10.3. Малтай тохиолдолд өөрийг нь орлон малыг нь маллах малчныг сонгох асуудлыг мал эмнэлгийн байгууллага, сум, дүүргийн Засаг даргатайгаа хамтран шийдвэрлэх;

2.10.4. Мал эмнэлгийн байгууллагаас авч буй асуумж, судалгаанд тодорхой хариулт өгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

2.11. Аймаг, нийслэлд тэжээвэр амьтан тусгаарлах, эмчлэхээр сонгогдсон мал эмнэлгийн байгууллагууд нь халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах бөгөөд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.11.1. Мал, амьтан тусгаарлах, эмчлэхээр сонгогдсон мал эмнэлэг нь дараах шаардлагыг хангасан байна.

а) Жижиг амьтны эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй, 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

б) Тусгайлсан өөрийн эсвэл түрээсийн байртай байх бөгөөд байр нь орон сууц, хүүхдийн тоглоомын талбай зэргээс доод тал нь 4-5 метрийн алслалтай байх;

в) Байрны цонх, хаалга нь битүүмжлэл, агааржуулалт сайтай байх;

г) Өвчний шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй амьтныг тусгаарлах боломжтой 3-аас доошгүй өрөө тасалгаатай, өрөө хоорондын тусгаарлалт нь битүүмжлэл сайтай (вакум хаалт гэх мэт) байх;

д) Тусгаарласан өрөө бүрд ажиллах эмч, мэргэжилтэнтэй байх;

е) Дуудлагаар ажиллах машин, унааны чадавхыг бүрдүүлсэн байх;

ё) Тэжээвэр амьтанд Коронавирутс халдвар(ковид-19)-тай нь оношлогдсон тохиолдолд ажиллаж буй эмч, мэргэжилтнийг тухайн орчинд нь тусгаарлах, унтах, амрах өрөөтэй байх.

2.11.2. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгаас дуудлагаар ажиллах чиглэл ирсний дагуу коронавирус(ковид-19)-ын халдварын сэжиг илэрсэн өрх, хот айл, фермд тархвар зүйн судалгаа, өвчний шинж тэмдэгтэй мал, амьтанд эмнэл зүйн нарийвчилсан үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд коронавирус(ковид-19)-ын эсрэгтөрөгч илрүүлэх түргэн оношлуур ашиглан анхны онош тогтоож мал эмнэлгийн тасагт утас эсхүл радио холбоогоор мэдээлнэ;

2.11.3. Түр зааврын 2.1.1, 2.1.2-т заасан асуумж, үзлэгийг гүйцэтгэсний дараа МЭТ-ийн мэргэжилтнээр дамжуулан (утсан холбоог ашиглах байдлаар) тэжээвэр амьтны эзнээс дараах баталгааг гаргуулсны дараа халдвар, хамгааллын дэглэмийг сайтар баримтлан тусгаарлах байр руу шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

а) Амьтныг 21 хоногийн хугацаанд тусгаарлах бөгөөд тусгаарлалтын дараа коронавируст халдвар(ковид-19)-гүй болох нь тогтоогдсоны дараа эзэн нь өөрөө болон бие төлөөлөгчөөр дамжуулан буцаан хүлээж авах эсэх;

б) лабораторийн шинжилгээгээр коронавируст халдвар(ковид-19) илэрч 21 хоногийн тусгаарлалтад хамрагдаж эрүүл болохыг баталгаажуулсны дараа буцаан хүлээж авах эсэх;

в) эмнэлзүйн тод шинж тэмдэг илэрсэн, лабораторийн шинжилгээгээр коронавируст халдвар(ковид-19)-тай болох нь оношлогдож зайлшгүй шаардлагаар устгасан тохиолдолд гомдолгүй эсэх;

г)  Тусгаарлалтад хамруулсны дараа эзэн нь хүлээж авахгүй гэсэн хариуг өгсөн тохиолдолд уг амьтныг устгалд хамруулахад гомдолгүй эсэхийг магадлах;

д) Дээрх асуудлуудыг амьтны эзэнтэй гар утсаар ярьсан яриаг бичлэг болгон хадгалах байдлаар баталгаажуулж, газар дээр нь байлцсан мэргэжилтнүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулна;

е) Тэжээвэр амьтныг тусгаарлах хугацааны үйл ажиллагааны зардлыг тухайн амьтны эзэн иргэн, хуулийн этгээд хариуцна.

2.11.4. Энэхүү зааврын 2.1.3-т заасан сорьцыг тухайн тэжээвэр амьтан тусгаарлах байранд хүргэгдэн ирсэн өдөр болон гарахаас өмнө буюу 21 дэх хоногт хяналтын шинжилгээний дээжийг бэлтгэн харьяа аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өгнө. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газраас өгсөн чиглэлийн дагуу шаардлагатай тохиолдолд тусгаарлалтын явцад нэмэлтээр хяналтын шинжилгээнд дээж бэлтгэн өгч болно.

2.11.5.  Тусгаарлалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангаж ажиллах бөгөөд тэжээвэр амьтны эрүүл мэндийн байдалд өдөр бүр хяналт тавих, услах, тэжээх ажлыг хариуцна. Эзний хүсэлтээр өдөрт 3-5 минутад багтаан утсаар мэдээлэл өгч болно. Тэжээвэр амьтны биеийн байдалд өөрчлөлт ажиглагдах, эмчилгээнд өөрчлөлт орох тохиолдолд эзэнд мэдээлэл хүргэнэ.

2.11.6.  Тусгаарлалтын 21 хоногийн хугацаа дуусч хяналтын шинжилгээгээр сөрөг болох нь тогтоогдсон ямар нэг халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй тэжээвэр амьтныг МЭТ-аас өгсөн чиглэлийн дагуу эзэнд нь болон бие төлөөлөгчид нь хүлээлгэн өгнө.

2.11.7. Энэхүү зааврын 2.11.3 дугаарын “в, г” дэх заалтыг хангасан тэжээвэр амьтныг Мал амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны заавар (МЭЕГ-2018-А/52-Х1)-ын дагуу зайлшгүй шаардлагаар үхүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж амьтны хүүрийг харьяалах төрийн мал эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, хүүр, сэг, зэмийг булшлах устгах арга хэмжээг шийдвэрлүүлнэ.

2.12. Мал, амьтан тусгаарлах хугацааг дараах тохиолдолд сунгаж тогтооно. Үүнд:

2.12.1. Тусгаарлалт дуусах 21 дэх хоногт авсан сорьцонд хийгдсэн лабораторийн шинжилгээ эерэг буюу өвчтэй гарсан тохиолдолд эзэнтэй холбогдож магадлагаа авсны дараа устгалд хамруулах эсвэл тусгаарлалтын хугацааг 14 хоног сунган тогтоож 14 дэх хоногт давтан шинжилгээнд харуулна.

2.12.2. Тусгаарлагдсан мал, амьтныг хүлээн авах эзэн нь өөрөө эрүүл мэндийн байгууллагын тусгаарлалтаас гараагүй, хүлээн авах эзэн холбогдогч байхгүй тохиолдолд эзэнтэй холбогдож магадлагаа авсны дараа тусгаарлалтын хугацааг 14 хоног сунган тогтоож 14 дэх хоногт давтан шинжилгээнд харуулна.  

Гурав. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээний санхүүжилт

3.1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3.1 дэх заалтад заасны дагуу мал эмнэлгийн арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх.

……….оо0оо……….

Холбоотой мэдээнүүд

Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн …